• Албан ёсны цахим хуудас
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Өвөрхангай аймаг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 111 баг, 116.6 мянган хүн ам, 34.6 мянган өрхтэй. Нийт хүн амын 30.9 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 60.1 хувийг 15-64 насныхан, 9.0 хувийг 65-аас дээш насныхан эзэлж, 49.7 хувь нь эрэгтэй, 50.3 хувь нь эмэгтэйчүүд байна.  Нийт өрхийн 27.1 хувь нь аймгийн төвд, 24.7 хувь нь сумын төвд, 48.2 хувь нь хөдөөд суурьшсан. 

Өдгөө зах зээлийн нөхцөлд хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, барилга, барилгын материал, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлж, орон нутгийн хөгжил дэвшилд хувийн хэвшлийн оролцоо дийлэнх хувийг эзэлж, бүтээн байгуулалт, бизнесийн цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Хосгүй сайхан байгаль өнө мөнх дурсагдах уламжлалт ёс заншлаа сэргээн хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, айл хотол, ахан дүүсээрээ ажлын байр бий болгож, амьдрал ахуйгаа дэвжээж, их бүтээн байгуулалтын ажилд Өвөрхангайчууд шамдан ажиллаж байна.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Хөрөнгө оруулалт:2018 онд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд 75.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 28.9 хувь буюу 21.7 тэрбум төгрөг нь улсын төсвийн хөрөнгө, 11.3 хувь буюу 8.5 тэрбум төгрөг нь орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, 15.2 хувь буюу 11.4 тэрбум төгрөг нь гадаадын хөрөнгө оруулалт, 44.6 хувь буюу 33.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь  иргэдийн хөрөнгөөр тус тус санхүүжигдсэн  байна.  2017 онтой харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ 51.2 тэрбум төгрөгөөр буюу 3.1 дахин өссөн байна.

Нийгмийн даатгал, халамж: 2018 онд аймгийн дүнгээр давхардсан тоогоор 41.4 мянган  хүнд 15.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна. Үүнд 1700 хүнд 2.7 тэрбум төгрөгийн халамжийн тэтгэвэр, 2368 хүнд 1.5 тэрбум төгрөгийн нөхцөлт  мөнгөн тэтгэмж, нийгмийн халамжийн тусламж дэмжлэг шаардлагатай 2259 хүнд 1.0 тэрбум төгрөгийн тэтгэмж, тусламж, насны хишиг 5261 хүнд 0.8 тэрбум төгрөг, цалинтай ээж 7944 хүнд 3.6 тэрбум төгрөг, алдарт эхийн одонтой 10281 эхэд 1.4 тэрбум төгрөг, 1138 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 0.3 тэрбум төгрөгийн тусламж, хөнгөлөлтийг тус тус  олгожээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 61.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оноос 16.1 хувиар өссөн байна. Нийт 24056 хүн даатгалд хамрагдсаны 58.7 хувь буюу 14122 нь заавал даатгуулагчид, 41.3 хувь буюу 9936 нь сайн дурын даатгуулагчид байна. .

Боловсрол: 2018-2019 онд нийт 41 цэцэрлэгийн 259 бүлэгт 6898 хүүхэд хүмүүжиж байгаа нь өмнөх оныхоос 336 хүүхдээр буюу 5.1 хувиар өссөн байна. Сургуулийн өмнөх боловсролд  хамрагдвал зохих (2-5 насны)  хүүхдийн 87.3 хувь нь буюу 9759 хүүхэд хамрагдсан нь өмнөх оны хамрагдалтаас 7.5 хувиар өссөн.

2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 30 сургуулийн 795 бүлэгт 21508  хүүхэд  өдрөөр суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн тоо 1136 байгаагийн 35.2 хувь нь бага ангийн, 38.6 хувь нь дунд ангийн, 26.2 хувь нь ахлах ангийн багш байна.

Эрүүл мэнд:  Улс, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 6.5 тэрбум төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар эрүүл мэндийн байгууллагын оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн хангалт 83.7 хувьд хүрч, урд онтой харьцуулахад 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 28.4 промилиос 22.2, нялхсын эндэгдэл 20.6 промилиос 17.7, эхийн эндэгдэл 74.8 промилиос 0 болж тус тус буурсан үзүүлэлттэй байна. 2018 онд  2404 эх амаржиж 2403 хүүхэд төрсөн нь өмнөх оноос 25 хүүхдээр буюу 1.0 хувиар буурчээ.

Мал аж ахуй: 2018 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр малын тоо 5461.3 мянган толгойд хүрч, 282.2 мянган толгойгоор буурсан ба төрлөөр авч үзвэл тэмээ 31.5 мянга, адуу 323.6 мянга, үхэр 272.3 мянга, хонь 2588.1 мянга, ямаа 2245.8 мянга болж, тэмээ 9.4 хувь буюу 2.7 мянган толгойгоор өсч, адуу 11.1 хувь буюу 40.4 мянган толгой, үхэр 8.7 хувь буюу 25.9 мянган толгой, хонь 2.8 хувь буюу 75.2 мянган толгой, ямаа 6.0 хувь буюу 143.4 мянган  толгойгоор  тус тус буурсан байна.    Малтай өрх 19209 байгаа ба үүний 84.9 хувь буюу 16307 нь малчин өрх байна. Аймгийн хэмжээнд Богд сум 473.9 мянган толгой малаар тэргүүлж,  Баянгол сум 420.1 мянган толгойгоор удаалж, Баян-Өндөр сум 377.7 мянган толгой малаар гуравдугаарт, Уянга сум 331.8 мянган толгой малаар дөрөвдүгээрт, Бүрд сум 311.9 мянган толгой малаар тавдугаарт орж байна. Таван төрлийн мал тус бүрийн дүнгээр 10.6 мянган толгой тэмээгээр Богд, 30.1 мянган толгой адуугаар Бат-Өлзий, 56.2 мянган толгой үхрээр Уянга, 234.6 мянган толгой хониор Баянгол, 326.2 мянган толгой ямаагаар Богд сум тус тус тэргүүлж байна. Нийт малтай өрхийн 2.0 хувь буюу 393 нь 10 хүртэл малтай, 5.8 хувь буюу 1122 өрх 11-30 хүртэл малтай, 6.8 хувь буюу 1309 өрх 31-50 хүртэл малтай,13.0 хувь буюу 2490 өрх нь 51-100 хүртэл малтай, 23.0 хувь буюу 4422 өрх 101-200 малтай, 33.8 хувь буюу 6499 өрх 201-500 малтай, 11.2 хувь буюу 2152 өрх 501-999 малтай, 3.6 хувь буюу 700 өрх 1000-1499 малтай, 0.4 хувь буюу 86 өрх 1500-2000 малтай, 0.2 хувь буюу 36 өрх 2000-аас дээш малтай байна. Малжуулалтын талаар авсан арга хэмжээний тайлангаар аймгийн хэмжээнд нийт 19 сумын 142 өрхөд 8045 толгой мал малжуулах төсөл, хөтөлбөрөөр олгогдсон байна. Малжуулалтад хамрагдсан нэг өрхөд дунджаар 57 толгой мал ноогдож байна. Аймгийн хэмжээнд мал аж ахуйн салбарт 2018 онд шинээр 24 худаг гаргаж, 21 худаг засварласан байна.

Газар тариалан: Аймгийн хэмжээнд 5893.5 га-д үр тариа тариалсан ба үүний 5818.0 га-д буудай, 45.5 га-д арвай, 30 га-д овъёос тариалсан ба үр тариа тариалалт өмнөх оноос 2324.0 га-р бага хийгдсэн байна. Хаврын тариалалтаар 373.0 га-д төмс, 210.9 га-д хүнсний ногоо тариалсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төмс 22.1 га-гаар, хүнсний ногоо 2.7 га-гаар бага тариалсан байна. Малын тэжээл 1238.3 га-д тариалсан нь урд оны мөн үеээс 586.6 га-аар нэмэгдсэн байна. Хархорин суманд 1310 га-д, Есөнзүйл суманд 234 га-д рапс тариалсан байна. Ургац хураалт 5200 тн буудай, 5 тн арвай, 9 тн овъёос, 4152.6 тн төмс, 2134.5 тн хүнсний ногоо, 3.5 мянган тн малын тэжээл, 470 тн рапс хураан авсан байна.

Банк, мөнгө, зээл: Өвөрхангай аймагт 2018 онд арилжааны 5 банкны салбар аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүллээ. Арилжааны банкуудын дүнгээр 35445 зээлдэгчид байгаа нь өнгөрсөн оноос зээлдэгчдийн тооноос 0.3 хувиар буурч, олгосон зээлийн хэмжээ 35.0 хувиар өсчээ. 2018 онд нийт 148.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Оны эцэст зээлийн өрийн үлдэгдэл 220.1 тэрбум төгрөг байгаа ба хугацаа хэтэрсэн зээл 0.7 хувь буюу 1683.2 сая.төгрөг, чанаргүй зээл  0.8 хувь буюу 1817.9 сая.төгрөг байна.

            Иргэд, байгууллагын  мөнгөн хадгаламж 130.7  тэрбум төгрөг болж өнгөрсөн оныхоос 18.9 хувь буюу 20.8 тэрбум төгрөгөөр өсч, аймгийн нэг хүнд дунджаар 1120.9 мянган төгрөгийн, нэг хадгаламж эзэмшигчид  1647.7 мян.төгрөгийн хадгаламж ногдож байна. Өнгөрсөн оноос хадгаламж эзэмшигчийн тоо 3.2 хувиар өссөн байна.

Төсөв санхүү: 2018 онд төсвийн орлого болон шилжүүлгийн дүн 81.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 7.1 тэрбум төгрөг буюу 9.6 хувиар өссөн байна.Үүний 17.0 тэрбум төгрөг нь орон нутгийн орлого байна. Орон нутгийн орлогын 64.5 хувийг татварын орлого, 35.5 хувийг татварын бус орлого эзэлж байна.

2018 онд төсвийн нийт зарлага  78.8 тэрбум төгрөг байна. Нийт зарлагын 70.1 хувийг бараа, ажил үйлчилгээний зардал, 0.3 хувийг татаас, 15.9 хувийг урсгал шилжүүлэг, 10.6 хувийг хөрөнгийн зардал тус тус эзэлж байна. Бараа, ажил, үйлчилгээний зардлын 62.0 хувийг цалинд, 7.4 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 11.9 хувийг байр ашиглалтай холбоотой зардалд, 2.5 хувийг бараа материалын зардалд, 5.8 хувийг нормативт зардалд, 1.6 хувийг урсгал засварт, 0.4 хувийг томилолтын зардалд, 2.5 хувийг бусдаар гүйцэтгүүлсэн ажилд, 5.4 хувийг бараа үйлчилгээний бусад зардалд зарцуулжээ.

 

 

 

2018-05-10 17:21:15