• Албан ёсны цахим хуудас
Мэдээ, мэдээлэл
Бүгд Найрамдах Солонгос Улсад хөнгөлттэй суралцах боломж нээгдлээ

Өвөрхангай аймаг, Бүгд найрамдах Солонгос Улсын Дэжин их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгуулж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Дэжин их сургуулийн гадаад харилцаа хариуцсан төвийн дарга Квон ху нар тус санамж бичгийг үзэглэлээ.

Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаадад их, дээд сургуульд сургаж, мэргэжил эзэмшүүлэх сонирхол нэмэгдсэн. Үүнийг зуучлалын компаниуд ашиглаж, зуучилж өгөх нэрийдлээр тэднээс өндөр хөлс авч эцэг эх, хүүхдүүдийг санхүүгийн дарамтад оруулж буй бодитой жишээ амьдралд олон тохиолдож байна.

Дээрх санамж бичгийг байгуулснаар Дэжин их сургууль нь Өвөрхангай аймгаас бүрэн дунд сургууль төгссөн сурагчдыг 30-70 хувийн хөнгөлттэй суралцах боломжийг бүрдүүлж,  тус сургуульд суралцах хүсэлтэй хүүхдийн визийг хурдан, шуурхай гаргахад Элчин сайдын яамтай хамтран ажиллах юм.

Санамж бичиг байгуулах үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ: “Монгол улсад чанаргүй хувийн их, дээд сургууль олон байна. Эдгээрт суралцаж, эцэг эхийнхээ хамаг мөнгийг үр ашиггүй зарцуулж эцэст нь ажлын байргүй үлдэж байгаа жишээ цөөнгүй байна. Тиймээс гадаадад хөнгөлттэй боловсрол эзэмшиж, хэл сурах нь тухайн хүүхдийн ирээдүйн амьдрал илүү баталгаатай” хэмээн онцлов.

Дэжин их сургууль нь Сөүлээс 25 км зайд байрладаг, 10500 оюутантай, 500 гаруй багш, ажилтантай, 50 орчим чиглэлээр бакалвар, магистр, докторын зэрэг олгодог Бүгд Найрамдах Солонгос улсын томоохон их, дээд сургуулийн нэг ажээ.

 

  

 

2019-05-27 15:53:54