Албан ёсны цахим хуудас
МЭНДЧИЛГЭЭ

Эх орон, тив дэлхийн өнцөг булан бүрт суугаа Өвөрхангай аймгийн уугуул, суугуул нийт иргэд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Орчин цагийн мэдээллийн хурд, техник технологийн дэвшлийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр нутгийн зон олон Та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна.

Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын 7 дахь удаагийн сонгуулиар сонгогч олныхоо итгэл найдварыг хүлээн байгуулагдсан Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгаа хурдацтай хөгжүүлэх, ард иргэдээ ая тухтай орчинд амар тайван амьдрах нөхцөл бололцоогоор хангах чиглэлээр бодлого, шийдвэрээ тодорхойлж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй, оновчтой шийдвэрлэхийн төлөө аймгийн Засаг дарга, Тамгын газар, хэлтэс албадууд, төрийн ба төрийн бус байгууллагууд, ард иргэдийн оролцоог ханган нягт хамтран ажиллаж байна.

Тухайлбал: бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2016 онд 75, 2017 онд 109 тогтоолыг, 2018 оны эхний улирлын байдлаар 44 тогтоол шийдвэрийг батлан гаргаж аймаг, сумдын Засаг дарга нар, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Зорилтот бүлгүүд рүү анхаарал хандуулж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхийн тулд 2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”, 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил”, 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, энэ хүрээнд олон бодитой ажлуудыг зохион байгуулж, бүтээн байгуулалтуудыг өрнүүлж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хариуцлагатай албанд миний биеийг итгэл хүлээлгэн томилсон нь “нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө төрийн ажлын туршлага, мэдлэг чадвараа дайчлан ажиллах өндөр үүргийг оноолоо” хэмээн ойлгож, нутаг амьтай, бүтээлч, хөдөлмөрч иргэн Таны дэмжлэг, санал санаачилга, хамтын зүтгэлийн үр дүнд олон зүйлийг хийж бүтээхийг эрмэлзэн зорьж байна.

Уудам Монгол орны төв голомт болсон төрөлх нутгийнхаа түмэн олон Та бүхэнд утга учиртай өөдрөг тэнүүн амьдрал, урам зоригтой өрнүүн их ажил, амжилтыг ерөөе.

   АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА А.ИШДОРЖ

 

2018-05-17 17:06:24